Skip to content

Амиа хорлох бодлоос салах нь

Амиа хорлох бодлоос салах нь

Библид юу гэж байдаг вэ?

 Библи бол «зовж шаналсан хүнийг тайвшруулдаг Бурхны» бичүүлсэн ном (2 Коринт 7:6). Библи сэтгэл зүйн зөвлөгөөний ном биш боловч маш олон хүнд амиа хорлох бодлоосоо салахад тусалсан. Библийн мэргэн зөвлөгөө танд ч бас тус болно.

 Библид ямар ямар зөвлөгөө байдаг вэ?

  • Сэтгэл доторхоо уудлаарай.

     Библид ингэж байдаг. «Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг. Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг» (Сургаалт үгс 17:17).

     Юу гэж ойлгох вэ? Сөрөг юм бодогдоод хэцүү байвал бусдаас тусламж авах хэрэгтэй.

     Сэтгэлийн зовлон шаналлаа дотроо хадгалаад явбал дааж дийлэхийн аргагүй болно. Харин дотроо уудлаад ярьчихвал сэтгэл хөнгөрч хамаагүй дээрдэнэ.

     Оролдоод үз. Чадвал өнөөдөр гэр бүлийнхнийхээ хэн нэгэнтэй эсвэл итгэл даадаг найзтайгаа ярилцаарай. a Бас юу бодож мэдэрч байгаагаа бичвэл сэтгэл уужирна.

  • Эмчид үзүүлээрэй.

     Библид ингэж байдаг. «Эрүүл хүнд эмч хэрэггүй. Харин өвчтэй хүнд хэрэгтэй» (Матай 9:12).

     Юу гэж ойлгох вэ? Өвчин тусвал эмчид үзүүлэх хэрэгтэй.

     Амиа хорлох тухай бодож байна гэдэг нь сэтгэл санааны болон сэтгэцийн өвчтэй байгаагийн шинж байж болох юм. Яг л бие өвддөгтэй адилхан учраас үүнээс ичих юм байхгүй. Энэ бол эмчилгээ авдаг өвчин юм.

     Оролдоод үз. Мэргэжлийн эмчид аль болох хурдан хандаарай.

  • Бурхан бидэнд санаа тавьдгийг битгий мартаарай.

     Библид ингэж байдаг. «Таван бор шувууг хоёрхон зоосоор зардаг биз дээ? Гэвч нэгийг нь ч Бурхан мартдаггүй. ... Бүү санаа зов. Та нар олон бор шувуунаас ч илүү үнэ цэнтэй» (Лук 12:6, 7).

     Юу гэж ойлгох вэ? Бурхан таныг үнэ цэнтэй гэж үздэг.

     Хэн ч таныг ойлгохгүй байгаа юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ Бурхан таныг яаж зовж байгааг мэддэг. Таныг амьд явах хүсэлгүй болсон байлаа ч Бурхан танд санаа тавьсан хэвээр байна. «Эмтэрсэн, гэмшсэн зүрхийг Бурхан та жигшихгүй» (Дуулал 51:17, АБН 2013). Бурхан таныг хайрладаг учраас амьд яваасай гэж хүсдэг.

     Оролдоод үз. Бурхан таныг хайрладаг гэсэн баталгааг Библиэс олоорой. Жишээлбэл «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2016 оны 6-р сарын дугаар дахь «Ехова “та нарын төлөө санаа тавьдаг”» гэсэн өгүүллийг үзэж болно.

  • Бурханд залбираарай.

     Библид юу гэж байдаг вэ? «Бүх зовнилоо Бурханд даатга. Яагаад гэвэл тэр та нарт санаа тавьдаг» (1 Петр 5:7).

     Юу гэж ойлгох вэ? Бодож санаж, санаа зовж байгаа юмаа ний нуугүй яриасай гэж Бурхан биднээс хүсдэг.

     Бурхан, зовлонгоо тэвчих хүчийг өгч сэтгэл санааг тань амар тайван болгоно (Филиппой 4:6, 7, 13). Ийнхүү тэрбээр чин сэтгэлийн залбиралд хариулдаг (Дуулал 55:22).

     Оролдоод үз. Даруйхан шиг Бурханд залбираарай. Ехова гэдэг нэрээр нь дуудаж, сэтгэлээ уудлан залбираарай (Дуулал 83:18). Амьдрах сэтгэлийн тэнхээ гуйгаарай.

  • Амьдрал сайхан болно гэж байдгийг эргэцүүлэн бодоорой.

     Библид юу гэж байдаг вэ? «Усан онгоцыг зангуу нь хөдөлгөөнгүй байлгадаг шиг энэ найдвар бидэнд түшиг болдог. Бат үндэстэй, баараггүй биелэх энэхүү найдвар биднийг хөшигний цаана оруулдаг» (Еврей 6:19).

     Юу гэж ойлгох вэ? Сэтгэл санаа тань далайн давалгаанд шидэгдэх усан онгоц шиг байгаа бол Библид бичсэн найдварыг эргэцүүлэн бодож тайвшраарай.

     Библид бичсэн найдвар бол гэнэн мөрөөдөл биш. Баараггүй биелэх Бурхны амлалт. Бурхан бүх зовлонг арилгана гэж амладаг (Илчлэл 21:4).

     Оролдоод үз. «Бурхнаас ирсэн сайн мэдээ» товхимлын 5-р хичээлийг уншиж Библид ямар найдвар байгааг мэдэж аваарай.

  • Сэтгэл санаагаа өөдрөг болгох юм хийгээрэй.

     Библид юу гэж байдаг вэ? «Баяр хөөртэй зүрх бол сайн эм» (Сургаалт үгс 17:22).

     Юу гэж ойлгох вэ? Баяр хөөртэй болгодог юм хийхлээр сэтгэл санаа өөдрөг болдог.

     Оролдоод үз. Дуртай юмаа хийгээрэй. Жишээ нь сэтгэл санаа сэргээм хөгжим сонсох, урам зориг хайрласан юм унших юм уу шинэ хоббитой болоорой. Хүнд бага ч болтугай тус хүргэвэл жаргалтай болно (Үйлс 20:35).

  • Эрүүл мэндээ анхаараарай.

     Библид юу гэж байдаг вэ? «Биеийн дасгал нь ... тустай» (1 Тимот 4:8).

     Юу гэж ойлгох вэ? Дасгал хөдөлгөөн, бүтэн нойр, шим тэжээлтэй хоол эрүүл байхад тустай.

     Оролдоод үз. Ядахдаа 15 минут алхаарай.

  • Хүний сэтгэл санаа, амьдралд тохиолддог бүхэн нэг янзаараа байдаггүйг санаарай.

     Библид юу гэж байдаг вэ? «Маргааш юу болохыг чи үл мэднэ» (Сургаалт үгс 27:1).

     Юу гэж ойлгох вэ? Дааж дийлшгүй мэт санагдах ярвигтай асуудал цаг зуурынх байж мэднэ.

     Байдал одоо хүнд байгаа ч гэсэн ирээдүйд сайнаар эргэж болох шүү дээ. Асуудлаа шийдэх арга зам хайгаарай (2 Коринт 4:8). Цаг цагаараа байдаггүй. Цаг зуурын хямралаас болж амиа бүү хорлоорой.

     Оролдоод үз. Сэтгэлээр унаад үхэхийг хүссэн хүмүүсийн тухай Библиэс уншаарай. Тэдний нөхцөл байдал эцэстээ төсөөлж байгаагүйгээр хэрхэн сайнаар эргэснийг анхаарч уншаарай. Хэдэн жишээ авч үзье.

 Амьдрах хүсэлгүй болсон хүмүүсийн тухай Библид гардаг уу?

 Гардаг. Үхэхийг хүссэн хүмүүсийн тухай Библид гардаг. Бурхан тэднийг буруутгалгүй, сөрөг бодлоосоо салахад нь тусалсан. Тэрбээр танд ч бас тусална.

Елиа

  •  Ямар хүн байсан бэ? Елиа эр зоригтой зөнч байсан. Гэхдээ л сэтгэлээр унаж, гуньж гутарч байжээ. Яаков 5:17-д «Елиа бидэн шиг л хүн байсан» гэж байдаг.

  •  Яагаад үхэхийг хүссэн бэ? Нэгэн удаа маш их ганцаардаж, айж, өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодсон. Тийм болохоор «Миний амийг аваач» гэж Еховагаас гуйсан удаатай (Хаадын дээд 19:4).

  •  Ийм байдлаасаа яаж гарсан бэ? Елиа Бурханд сэтгэлээ уудалсан. Бурхан түүнийг хэрхэн урамшуулсан бэ? Өөрт нь санаа тавьж байгаагаа илэрхийлж, сүр хүчээ үзүүлсэн. Ямар их үнэ хүндтэй хүн болохыг нь сануулж, халамжтай, чадварлаг туслагч өгсөн.

  •  Елиагийн тухай эндээс уншаарай. Хаадын дээд 19:2–18.

Иов

  •  Ямар хүн байсан бэ? Өнөр өтгөн гэр бүлтэй, баян чинээлэг хүн байсан. Жинхэнэ Бурхныг шүтдэг, чин үнэнч хүн байв.

  •  Яагаад үхэхийг хүссэн бэ? Амьдрал нь орвонгоороо эргэсэн. Бүх эд хөрөнгөө алдсан. Арван сайхан хүүхэд нь гамшигт амь үрэгдсэн. Өөрөө тэвчихийн аргагүй өвчин туссан. Найз нөхөд нь «Чи өөрөөсөө л болж зовж байна» гэж хайр найргүй гүтгэсэн. Иов: «Амьд явахыг би жигшин үздэг боллоо. Урт удаан наслах хүсэл ч үгүй боллоо» гэж хэлжээ (Иов 7:16, МБН 2015).

  •  Ийм байдлаасаа яаж гарсан бэ? Иов Бурханд залбирсан. Бас хүнтэй сэтгэл санаагаа хуваалцаж ярилцсан. Өрөвч сэтгэлтэй найз Елиху нь урамшуулж зоригжуулан, асуудлыг өөр өнцгөөс харахад нь тусалсан. Хамгийн гол нь Бурхны тусламж зөвлөгөөг авсан.

  •  Иовын тухай эндээс уншаарай. Иов 1:1–3, 13–22; 2:7; 3:1–13; 36:1–7; 38:1–3; 42:1, 2, 10–13.

Мосе

  •  Ямар хүн байсан бэ? Эртний Израйлийн удирдагч, үнэнч зөнч байсан.

  •  Яагаад үхэхийг хүссэн бэ? Мосе маш өндөр хариуцлагатай ажил хийдэг, бас байнга шүүмжлэлд өртдөг байсан. Үүнээсээ болоод тамир тэнхээ нь барагджээ. Тиймээс Бурханд хандан «Намайг нэгмөсөн алаач» гэж хашхирсан байна (Тооллого 11:11, 15).

  •  Ийм байдлаасаа яаж гарсан бэ? Мосе юу бодож санаж байгаагаа Бурханд хэлэхэд ажлын ачааллыг нь багасгаж, сэтгэл санааг нь тайвшруулсан.

  •  Мосегийн тухай эндээс уншаарай. Тооллого 11:4–6, 10–17.

a Амиа хорлох бодлоосоо бүр салж чадахгүй юм уу дотнын хүмүүстэйгээ холбоо барьж чадахгүй бол сэтгэл зүйн тусламжийн утас руу залгаарай.