Ёоханы бичсэн сайн мэдээ 15:1–27

  • Усан үзмийн жинхэнэ модны жишээ (1-10)

  • Христ хайрласан шиг хайрлах тушаал (11-17)

    • «Илүү агуу хайр байхгүй» (13)

  • Энэ ертөнцийнхөн Есүсийн шавь нарыг үзэн яддаг (18-27)

15  «Би бол усан үзмийн жинхэнэ мод бөгөөд Эцэг минь арчилж ургуулдаг.  Жимс ургуулдаггүй мөчир болгоныг минь тайрч хаядаг. Жимс ургуулдаг мөчир бүрийг илүү их жимс ургуулаг гэсэндээ арчилж торддог*.  Миний үг та нарыг хэдийн цэвэр болгосон.  Та нар надтай холбоотой бай. Би та нартай холбоотой байна. Мөчир модноос салангид бол жимс ургуулдаггүйн адилаар та нар надтай холбоогүй бол жимс ургуулахгүй.  Би бол усан үзмийн мод, та нар бол мөчир. Хэн надтай, би хэнтэй холбоотой байна, тэр хүн их жимс ургуулна. Яагаад гэвэл та нар надаас салангид байвал юу ч хийж чадахгүй.  Хэрэв хүн надтай холбоогүй бол хаягдаж, хувхайрсан мөчир мэт болно. Хүмүүс тийм мөчрүүдийг цуглуулж, гал руу хийхэд мөчрүүд шатдаг.  Хэрэв та нар надтай холбоотой байж, миний хэлсэн үг та нарын сэтгэлд хоногшсон бол юу хүссэнээ гуй. Та нарын хүсэл биелнэ.  Та нар их жимс ургуулдаг бол, миний шавь гэдгээ баталдаг бол Эцэг минь алдаршина.  Эцэг намайг хайрласан шиг би та нарыг хайрласан. Хайрыг минь татаж яв. 10  Би Эцгийнхээ тушаалыг биелүүлснээрээ хайрыг нь татдаг шиг та нар миний тушаалыг биелүүлбэл хайрыг минь татна. 11  Та нарыг над шиг баяр баясгалантай байгаасай, та нарын баяр баясгалан улам бүр бялхаасай гэсэндээ би эдгээрийг хэллээ. 12  Би та нарыг яаж хайрласан шиг бие биеэ хайрла гэж тушааж байна. 13  Нөхдийнхөө төлөө амиа өгөхөөс илүү агуу хайр байхгүй. 14  Тушаасныг минь биелүүлдэг бол та нар анд нөхөд минь байх юм. 15  Би та нарыг боол гэж дахиж хэлэхгүй. Учир нь боол эзнийхээ юу хийдгийг мэддэггүй. Харин би та нарыг анд нөхөд гэсэн. Учир нь би Эцгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн. 16  Та нар намайг сонгоогүй. Харин би та нарыг явж, жимс ургуулж, та нарын үр жимс үүрд байгаасай хэмээн сонгосон. Та нар миний нэрээр Эцгээс минь юу ч гуйсан, тэрээр та нарт өгнө. 17  Эдгээр тушаалыг та нарт өгч байгаа минь бие биеэ хайрлаасай гэснийх юм. 18  Ертөнц та нарыг үзэн ядвал урьд өмнө нь намайг үзэн ядаж байсныг санаарай. 19  Хэрэв та нар энэ ертөнцийнх байсан бол ертөнц өөрийнхнийгөө хайрлах байсан. Харин би та нарыг сонгосон бөгөөд та нар ертөнцийнхөнтэй адилгүй. Тиймээс энэ ертөнцийнхөн та нарыг үзэн яддаг. 20  Миний хэлснийг санаж яваарай. Боол эзнээсээ агуу биш. Тэд намайг хавчсан бол та нарыг ч хавчина, миний үгийг дагасан бол та нарынхыг ч дагана. 21  Гэхдээ миний шавь гэдгээс болж тэд та нарыг эсэргүүцэж энэ бүгдийг хийнэ. Яагаад гэвэл тэд намайг илгээсэн Нэгнийг мэддэггүй. 22  Би ирж, тэдэнд хэлээгүй бол тэд нүгэлгүй байх байсан. Гэвч одоо нүглээ цайруулах аргагүй. 23  Намайг үзэн яддаг хүн Эцгийг минь үзэн яддаг. 24  Хэний ч хийгээгүй юмыг би тэдний дунд хийгээгүй бол тэд нүгэлгүй байх байсан ч одоо бол тэд намайг харсан, үзэн ядсан, Эцгийг минь ч үзэн ядсан. 25  Гэхдээ энэ бол “Тэд намайг шалтгаангүйгээр үзэн ядсан” гэж тэдний Хуульд бичсэн нь биелсэн хэрэг. 26  Би Эцэгтээ очоод та нар луу туслагч явуулна. Энэ нь үнэний дагуух хүч бөгөөд эх булаг нь Эцэг юм. Тэр туслагч намайг гэрчилнэ. 27  Та нар ч намайг гэрчилнэ. Учир нь сайн мэдээ тунхаглаж эхлэхэд минь та нар надтай хамт байсан.

Зүүлт

Үгч. «цэвэрлэдэг»