Skip to content

Гарчиг руу орох

Ямар хүн гэдгээ сайн мэддэг бол хүчтэй салхинд тэсвэртэй мод адил байна

ОХИД ХӨВГҮҮД

9. Өөрийгөө таних

9. Өөрийгөө таних

ЯАХЫГ ХЭЛЭХ ВЭ?

Хүмүүс чамайг зөвхөн нэр, гаднах байдлаар чинь дүгнэхгүй. Үнэлж эрхэмлэдэг зүйл, итгэл үнэмшил, зан чанараар чинь бас дүгнэнэ. Тиймээс гаднаа болон дотроо ямар вэ гэдэг чинь чамайг илтгэнэ.

ЯАГААД ЧУХАЛ БЭ?

Ямар хүн гэдгээ сайн мэддэг бол үе тэнгийнхнийхээ дарамт шахалтад авталгүй итгэл үнэмшлийнхээ төлөө бат зогсоно.

«Олон хүн дэлгүүрийн манекентэй адилхан байдаг. Манекенд өмсгөх хувцсыг худалдагч сонгодог шиг хүмүүс юу өмсөхөө бусдаар сонгуулдаг»—Адриан.

«Би зөв юм хийхэд хэцүү байлаа ч хийж сурсан. Баримталдаг хэм хэмжээг минь үнэлж эрхэмлэдэг хүмүүсийг л би жинхэнэ найзаа гэж хэлнэ»—Кортни.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Өнөө үеийн хэвэнд цутгуулахаа боль. Харин ... үзэл бодлоо өөрчилснөөр өөрийгөө өөрчил» (Ром 12:2).

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Давуу тал, сул тал, итгэл үнэмшлээ тодорхойлон одоо ямар хүн гэдгээ, ирээдүйд ямар хүн болохыг хүсдэгээ бодоорой. Үүний тулд эхлээд дараах асуултад хариулаарай.

Давуу тал: Би ямар авьяас чадвартай вэ? Надад ямар сайн тал байдаг вэ? (Жишээ нь: Цаг барьдаг уу? Тэвчээртэй юү? Ажилсаг уу? Өгөөмөр үү?) Би ямар сайн юм хийдэг вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийнхөө сайн талыг олж харахад хэцүү байна уу? Тэгвэл эцэг эх юм уу итгэж явдаг найзаасаа надад ямар сайн тал байдаг вэ, яагаад сайн тал гэж хэлэх вэ гэж асуугаарай.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Харин хүн бүр үйл хэргээ шалгаг. Тэгвэл өөрийгөө бусадтай харьцуулахгүй, өөрийнхөө үйлсэд баярлана» (Галат 6:4).

Сул тал: Би ямар зан чанартай болох гэж илүү хичээх ёстой вэ? Би ямар үед буруу юм хийчих гээд байдаг вэ? Юун дээр илүү биеэ барьж сурах хэрэгтэй вэ?

БИБЛИЙН ЗАРЧИМ: «“Бид нүгэлгүй” гэж хэлдэг бол өөрсдийгөө хуурч байгаа ... хэрэг» (1 Ёохан 1:8).

Итгэл үнэмшил: Би ямар хэм хэмжээ баримталдаг вэ? Яагаад? Би Бурханд итгэдэг үү? Ямар баталгаанд үндэслээд Бурхан байдаг гэдэгт итгэдэг вэ? Би юуг шударга бус гэж үздэг вэ? Яагаад? Ирээдүйгээ ямар байна гэж боддог вэ?

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Хэрсүү чанар чамайг сэргийлэх бөгөөд ухаан нь чамайг хамгаална» (Сургаалт үгс 2:11).