Skip to content

Гарчиг руу орох

Бурханд үйлчлэх нь түүнд эм болдог!

Бурханд үйлчлэх нь түүнд эм болдог!

Кенид хоёр эхлэгч дэлгэрүүлж яваад нэг айлд оржээ. Тэд орон дээр хэвтэж байгаа хүнийг хараад гайхаж орхив. Тэр хүний цээжин бие нь жижигхэн, хоёр гар нь богинохон аж. «Доголон хүн буга мэт дүүлнэ» гэсэн Бурхны амлалтын тухай хэлж өгөхөд мөнөөх хүн инээмсэглэн сонсжээ (Ис. 35:6).

Одоо 30 хол давсан Онесмус хэврэг ясны синдромтой төржээ. Яс нь хэт хэврэг тул зөөлхөн дарахад л хугардаг гэнэ. Энэ өвчин эмчлэгддэггүй учир Онесмус зовлон шаналал дунд, тэргэнцэр дээр насыг барна гэж боддог байжээ.

Онесмус Библийн хичээл хийхээр болов. Гэвч ээж нь түүнийг гэмтэж бэртээд илүү их зовох вий гэсэндээ цуглаанд явуулдаггүй байлаа. Тэгэхлээр нь Гэрчүүд цуглааны хөтөлбөрийг бичээд сонсгодог байв. Онесмус таван сар хичээл хийсний эцэст, юу ч болсон, цуглаанд яваад үзье гэж шийджээ.

Цуглаанд яваад зовуурь шаналгаа нь улам нэмэгдсэн үү? Үгүй, харин ч баяр хөөртэй болжээ. Онесмус: «Миний бие байнга өвддөг. Гэхдээ цуглааны үеэр өвдөх нь багассан юм шиг санагддаг байсан» гэж дурссан юм. Сайхан ирээдүйн тухай мэдсэний хүчинд л бие нь дээрдсэн гэж боджээ. Ээж нь хүүгийнхээ баяр хөөртэй болсныг ажиглаад өөрөө ч Библийн хичээл хийхээр болсон байна. «Бурханд үйлчлэх нь миний хүүд эм болдог» гэж тэрбээр хэлсэн юм.

Онесмус удалгүй дэлгэрүүлэгч болж, дараа нь баптисм хүртжээ. Одоо туслах үйлчлэгч аж. Хоёр хөл, нэг гараа хөдөлгөж чадахгүй ч Еховад хамаг чадлаараа үйлчлэхийг хүссэн тул туслах эхлэгч болъё гэж боджээ. Гэвч тэргэнцрийг нь түрэх хүн байхгүй бол санасандаа хүрч чадахгүй байв. Энэ тухайгаа итгэл нэгтнүүддээ хэлэхэд тэд туслахаа амласан аж. Ингээд Онесмус тэднийхээ дэмээр туслах эхлэгч болжээ.

Дараа нь байнгын эхлэгчээр үйлчлэхийг хүссэн ч мөн л өмнөх шигээ санаа зовж байлаа. Гэвч нэг удаа өдөр тутмын зүйлийг уншиж байгаад өөртөө хэрэгтэй санаа олжээ. Дуулал 34:8-д байдаг «ЭЗЭН сайн гэдгийг амсаж үз» гэсэн зүйлийг иш татсан байв. Үүнийг эргэцүүлэн бодоод байнгын эхлэгч болохоор шийджээ. Одоо 7 хоногийн дөрвөн өдөр дэлгэрүүлдэг бөгөөд сүнслэгээр өсөж яваа хэдэн суралцагчтай гэнэ. Онесмус 2010 онд Эхлэгчийн сургуульд сурчээ. Анх гэрт нь ирсэн хоёр Гэрчийн нэг нь тэр сургуулийн багш гэдгийг мэдээд ямар их баярласан гэж санана!

Онесмусын эцэг эх нас барсан ч хурлынх нь итгэл нэгтнүүд өдөр бүр санаа тавьж, тусалж дэмждэг ажээ. Тэрбээр янз бүрийн ивээл хүртэж байгаадаа үнэхээр их баярладаг. «„Би өвчтэй байна“ гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй» болох цагийг тэсэн ядан хүлээж байна (Ис. 33:24).