Skip to content

Еврейчүүдийг хоморголон устгах явдал яагаад болсон бэ? Бурхан яагаад болиулаагүй вэ?

Еврейчүүдийг хоморголон устгах явдал яагаад болсон бэ? Бурхан яагаад болиулаагүй вэ?

 Тэр явдлаар хайртай дотнын хүмүүсээ алдсан олон хүн ингэж асуудаг. Тэд учрыг нь мэдэхийг хүсдэг төдийгүй, тайвшрал эрдэг. Зарим хүн тэр явдлыг туйлын харгис хэрцгий гэж үздэг учраас Бурханд итгэдэггүй.

Буруу ойлголтууд

 Буруу ойлголт: Еврейчүүдийг хоморголон устгахыг Бурхан зөвшөөрсний учрыг асуух нь буруу.

 Үнэндээ бол: Бат итгэлтэй хүмүүс Бурхнаас хорон муу явдлыг яагаад зөвшөөрдгийг нь асуусан удаатай. Жишээ нь, зөнч Хабаккук: «Энэ бүх гэмт хэргийг юунд та надад харуулав? Ийм их гай зовлонг харсан хирнээ та юунд үл тоомсорлов?» гэж асуусан (Хабаккук 1:3, МБН, 2015). Бурхан Хабаккукийг зэмлэхийн оронд юу гэж асуусныг нь хүмүүс мэдээсэй гэсэндээ Библид бичүүлжээ.

 Буруу ойлголт: Хүнийг зовоход Бурхан тоодоггүй.

 Үнэндээ бол: Хүнд хорон муу явдал тохиолдож, зовж шаналахыг нь Бурхан үзэж чаддаггүй (Сургаалт үгс 6:16–19). Тиймээс Ноагийн үед дэлхий даяар хүчирхийлэл гаарахад Бурхан «сэтгэл зүрхэндээ гашуудсан» (Эхлэл 6:5, 6). Еврейчүүдийг хоморголон устгахад ч асар их шаналсан нь лавтай (Малахи 3:6).

 Буруу ойлголт: Еврейчүүдийг хоморголон устгасан явдал Бурхны шийтгэл байсан.

 Үнэндээ бол: Бурхан нэгдүгээр зуунд Иерусалимыг устгахыг Ромчуудад зөвшөөрсөн нь үнэн (Матай 23:37—24:2). Гэхдээ Бурхан түүнээс хойш аль нэг үндэстнийг сонгож онцгойлон хандах юм уу шийтгээгүй. Бурхны хувьд «еврейчүүд болон бусад үндэстнүүдийн ... хооронд ямар нэгэн ялгаа байхгүй» (Ром 10:12, МБН, 2015).

 Буруу ойлголт: Хайрын сэтгэлтэй, бүгдийг захирдаг Бурхан гэж байсан бол еврейчүүдийг хоморголон устгуулахгүй байсан.

 Үнэндээ бол: Бурхан хүнийг зовоодоггүй ч, түр зуур зовохыг нь зөвшөөрөх нь бий (Яаков 1:13; 5:11).

Бурхан яагаад еврейчүүдийг хоморголон устгахыг зөвшөөрсөн бэ?

 Бурхан энэ явдлыг ч, бусад зовлонг ч зөвшөөрдөг нь эрт үед дэгдсэн маргаантай асуудалтай холбоотой. Одоо энэ ертөнцийг Бурхан биш, Диавол захирч байгааг Библид тодорхой бичсэн байдаг (Лук 4:1, 2, 6; Ёохан 12:31).Бурхан хоморголон устгах явдлыг зөвшөөрсний учрыг Библийн үндэстэй хоёр зүйлээр тайлбарлая.

  1.   Бурхан хүнийг сонгох эрх чөлөөтэй бүтээсэн. Бурхан Адам Ева хоёроос юу хүсэж байгаагаа хэлсэн ч үгэндээ оруулах гэж албадаагүй. Тэд юу нь сайн, юу нь муу болохыг өөрсдөө тогтоохоор болсон. Тэд ч, түүхийн туршид хүмүүс ч буруу замыг сонгосон учраас бүгд горыг нь амсдаг (Эхлэл 2:17; 3:6; Ром 5:12). Нэгэн номд бичсэнээр «Хүмүүс ихэнхдээ сонгох эрх чөлөөгөө буруу эдэлснээс болж зовдог» ажээ («Statement of Principles of Conservative Judaism»). Тэгсэн ч Бурхан хүний сонгох эрх чөлөөг хязгаарлахын оронд, өөрөөс нь хамааралгүйгээр өөрсдийгөө авч явах хугацаа олгосон.

  2.   Хоморголон устгасан явдлын хор хөнөөлийг Бурхан арилгаж чадна, арилгахыг ч хүсдэг. Бурхан нас барсан олон сая хүнийг амилуулахаа амласан. Түүний дотор нацистуудын гарт амиа алдсан хохирогчид бас ордог. Мөн амьд гарсан ч аймшигт дурсамжаасаа болж зовдог хүмүүсийн зовлонг нь арилгана (Исаиа 65:17; Үйлс 24:15).Түүний хүн төрөлхтнийг гэсэн хайр нь эдгээр амлалтаа биелүүлэх баталгаа нь болдог (Ёохан 3:16).

 Нацистуудын гарт амиа алдсан болон амьд үлдсэн хүмүүсийн дунд итгэл үнэмшлээсээ няцаагүй хүмүүс бас байсан. Тэд бузар мууг Бурхан зөвшөөрдгийн учрыг, үр дагаврыг нь яаж арилгахыг мэдээд амьдралын утга учрыг олжээ.