Skip to content

Бурхны Хаанчлал хүний зүрхэнд байдаг уу?

Бурхны Хаанчлал хүний зүрхэнд байдаг уу?

Библид юу гэж байдаг вэ?

 Үгүй ээ, Бурхны Хаанчлал буюу Хаант төр зүгээр л итгэгч хүний зүрхэнд байдаг зүйл биш юм. a Библид үүнийг «тэнгэрийн Хаанчлал» гэсэн байдгийг бодвол яг хаана байдаг тодорхой байна (Матай 4:17 АББН, 2004). Хаант төр тэнгэрээс захирдаг бодит засгийн газар гэдгийг Библиэс мэдэж авцгаая.

  •   Бурхны Хаант төр захирагчтай, харьяат албаттай, хуультай бөгөөд Бурхны хүслийг тэнгэрт ч, газарт ч биелүүлэх бүрэн эрхтэй (Матай 6:10; Илчлэл 5:10).

  •   Бурхны засгийн газар буюу Хаант төр нь дэлхийн «бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтнийг» захирна (Даниел 7:13, 14). Захирах эрх мэдлийг нь ард түмэн олгохгүй, Бурхан олгоно (Дуулал 2:4–6; Исаиа 9:7).

  •   Есүс үнэнч элч нартаа та нар надтай хамт тэнгэрийн Хаант төрд «сэнтийнүүдэд заларна» гэж хэлсэн (Лук 22:28, 30).

  •   Хаант төр олон дайсантай байх ба тэднийг устгана (Дуулал 2:1, 2, 8, 9; 110:1, 2; 1 Коринт 15:25, 26).

 Хаант төр хүний зүрх сэтгэлд байж, хүний зүрх сэтгэл дотроос захирдаг гэж Библид байдаггүй. Харин «хаанчлалын тухай үг», «Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээ» бидний зүрх сэтгэлд үнэхээр хүчтэй нөлөөлдөг болохыг бичсэн байдаг (Матай 13:19 АББН 2004; 24:14).

«Бурхны Хаачлал та нарын дотор байна» гэдэг нь юу гэсэн үг вэ?

 Зарим орчуулгад Лук 17:21-д гардаг энэ үгнээс болоод, олон хүн Бурхны Хаант төрийг яг хаана байдаг юм бол гэж боддог. Жишээлбэл, «Жеймс хааны орчуулга»-д «Бурхны хаанчлал та нарын дотор байна» гэсэн байдаг. Энэ зүйлийг зөв ойлгоё гэвэл хам сэдвийг нь харах хэрэгтэй.

Есүсийг эсэргүүцэж алахаар хуйвалдсан зөрүүд хүмүүсийн зүрхэнд Бурхны Хаант төр яаж байх вэ дээ!

 Есүс өөрийг нь эсэргүүцэн, алахыг санаархсан шашны удирдагчид, фарисайн бүлгийн хүмүүстэй ярьж байхдаа дээрх үгийг хэлсэн (Матай 12:14; Лук 17:20). Тэгэхлээр хатуу үзэлтэй, зөрүүд тэр хүмүүсийн зүрх сэтгэлд Хаант төр яаж оршин байх билээ дээ! Есүс тэднийг «дотроо худал хуурмаг, ёс бусаар дүүрэн» гэж хэлсэн (Матай 23:27, 28).

 Лук 17:21-д гардаг Есүсийн хэлсэн үгийг өөр орчуулгуудад «Бурхны Хаанчлал энд та нартай хамт байна» гэж зөв буулгажээ («Contemporary English Version»). Бас «Бурхны Хаант төр та нарын дунд байна» гэсэн байдаг («Ариун Судрын Шинэ ертөнц орчуулга»). Бурхны томилсон хаан Есүс өөрөө фарисайчуудын дунд зогсож байсан учраас тэнгэрийн Хаант төр та нартай «хамт», та нарын «дунд» байна гэж хэлжээ (Лук 1:32, 33).

a Христийн шашны олон урсгал Бурхны Хаант төрийг хүний зүрх сэтгэлд байдаг гэж заадаг. Жишээлбэл, АНУ-ын Өмнөд Баптист Чуулганыхан «Бурхны Хаанчлал нь хүний амьдралд, хүний зүрх сэтгэлд байдаг Бурхны захиргаа юм» хэмээн тунхаглажээ. Пап лам XVI Бенедикт «Назарын Есүс» гэдэг номдоо «Бурхны Хаанчлал нь зүрх сэтгэлээ сонсохоос эхэлнэ» гэсэн байдаг.