Skip to content

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Уйдаад байвал яах вэ?

Уйдаад байвал яах вэ?

 Бороотой өдөр хийх юмгүй, явах газаргүй гэртээ байх шиг уйтгартай юм гэж байхгүй. Роберт гэдэг залуу: «Ийм үед гэрээс гарахгүй болохоор яахаа ч мэдэхгүй байдаг» гэжээ.

 Чамд бас ийм үе байсан уу? Тэгвэл энэ өгүүлэл тус болно.

 Юу мэдэх хэрэгтэй вэ?

  •   Цахим хэрэгсэл тус болох нь юу л бол.

     Интернэт хэсэхэд цаг хурдан өнгөрдөг ч толгойгоо ажиллуулахгүй янз бүрийн юм харсаар байгаад бүр ч залхдаг. 21 настай Жерэми: «Дэлгэц ширтсээр байгаад бүр гөлийчихсөн байдаг» гэж хэлжээ.

     Елена гэдэг эмэгтэй энэ үгийг хүлээн зөвшөөрч «Цахим хэрэгслээр харж байгаа юм бодит амьдралаас тэс өөр. Цахим хэрэгслээ унтраагаад харахад бодит амьдрал маань бүр ч уйтгартай санагддаг» гэжээ.

  •   Ямар хандлагатай байх нь чухал.

     Хийх юм байвал л уйдахгүй гэсэн үг үү? Үгүй. Хийж байгаа юмандаа зүрх сэтгэлээ зориулах нь чухал. Карэн гэдэг бүсгүй: «Хийх юм мундахгүй их байдаг ч сургуульд сурна гэдэг аймаар уйтгартай санагддаг байсан. Тийм учраас уйдахгүйн тулд хийж байгаа юмандаа чин сэтгэлээсээ хандаж сурах хэрэгтэй юм билээ» гэж ярьжээ.

 Чи мэдэх үү? «Хийх юмгүй байна» гэдэг нь уйтгарлах шалтгаан биш ээ. Харин ч энэ цаг хугацаа бол хийж бүтээх боломж буюу үржил шимтэй хөрс адил юм.

Цаг зав бол юм хийж бүтээх боломж буюу үржил шимтэй «хөрс» адил юм.

 Юу хийж болох вэ?

 Юм юм сонирхож үзээрэй. Хүмүүстэй танилцаарай. Шинэ хоббитой болоорой. Шинэ юм олж мэдээрэй. Юм юм сонирхдог хүн өөрөө ч уйддаггүй, бусдыг ч уйдаахгүй.

 Библийн зарчим: «Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн» (Номлогчийн үгс 9:10).

 «Би саяхнаас хятад хэл сурч эхэлсэн. Өдөр бүр цаг гарган хичээж байна. Харин эртхэн сурч эхлэхгүй яав даа гэж бодсон. Би ямар нэг зорилго тавиад түүндээ хүрэх дуртай. Ингэхлээр толгой ч ажилладаг, цагаа ч үр бүтээлтэй өнгөрөөдөг»—Мелинда.

 Зорилгоо анхаараарай. Тухайн зүйлийг ямар зорилгоор хийж байгаагаа бодвол илүү шимтэн хийнэ. Сургуульд сурах ч адилхан.

 Библийн зарчим: «Ажил үйлсдээ [сэтгэл хангалуун байхаас] илүү зүйл хүний хувьд байхгүй» (Номлогчийн үгс 2:24, ШЕ).

 «Сургуулиа төгсөхийн өмнөхөн би хоцорсон хичээлээ нөхөх гэж өдөрт 8 цаг суудаг байв. Харин залхмаар байгаагүй. Төгсөлтийн шалгалтаа амжилттай өгөх гэсэн зорилготой байсан учраас тэр юм»—Ханна.

 Нөхцөл байдлыг өөрчилж чадахгүйгээ хүлээн зөвшөөрөөрэй. Сэтгэл зүрхээ зориулсан ямар ч ажил эхнээсээ дуустал 100 хувь сонирхолтой байдаггүй. Бас хамгийн сайн найз ч товлосон цагтаа ирж чадахгүй болоход юу хийхээ мэдэхгүй уйтгарлан суухад хүрдэг. Ийм үед сэтгэлээр унахын оронд өөдрөг байхыг хичээгээрэй.

 Библийн зарчим: «Хэний зүрх хөгжилтэй байна, түүнд найр наадам үл тасарна» (Сургаалт үгс 15:15).

 «Нэг найз маань надад ганцаараа байхдаа ч баяр хөөртэй байж сураарай гэж хэлсэн. Тэгээд ганцаараа юм уу найз нөхөдтэйгөө хамт байх цагаа зохицуулж сурчихвал цаашдын амьдралд чинь их тус болно гэсэн»—Айви.