Skip to content

Библийн ганц хичээл араасаа олныг дагуулжээ

Библийн ганц хичээл араасаа олныг дагуулжээ

 Гватемалд амьдардаг Еховагийн Гэрч Марта кекчи хэлтэн хүмүүст Библийн сайн мэдээг хүргэхийн тулд энэ хэлийг сурч байгаа. Нэгэн өдөр тэрбээр эмнэлгээс гарч яваа нэгэн эрийг хараад гаднах төрхөөр нь кекчи тосгоны хүн байна гэж дүгнэв. Тэдний уулархаг нутагт Еховагийн Гэрчүүд бараг дэлгэрүүлдэггүй байжээ. Марта түүн дээр очоод кекчи хэлээр, мэддэг цөөн үгээр ярилаа.

 Марта Библийн хичээл хийхийг санал болгожээ. Тэр хүн баяр хөөртэй хүлээн авсан ч төлбөр өгч чадахгүйгээ мэдэгдсэн. Еховагийн Гэрчүүд хүмүүстэй Библийн хичээл хийхдээ мөнгө авдаггүйг Марта тайлбарлав. Мөн утсаар хичээл хийж болохыг, бас тэр үед гэр бүлийнхэн нь оролцох боломжтойг нэмж хэлжээ. Ингээд хичээл хийхээр тохиролцов. Тэр хүн испаниар уншиж, ярьж чаддаг болохоор Марта түүнд «Ариун Судрын Шинэ ертөнц орчуулга»-ын испани хувилбарыг өглөө. Мөн кекчи хэлээр орчуулагдсан «Библийн сургаалыг зөв ойлгох нь» гэх Библийн хичээлийн гарын авлагыг өгсөн. Долоо хоногийн дараа тэр хүн эхнэр, 2 хүүхдийнхээ хамт Библийн хичээлээ Мартатай утсаар хийж эхэлжээ. Тэд хичээлийг долоо хоногт 2 удаа хийдэг болжээ. Марта: «Би кекчи хэлэндээ тийм ч сайн биш байсан болохоор хичээлээ испаниар явуулдаг байсан. Бидний яриаг нөхөр нь эхнэртээ орчуулж байлаа. Хүүхдүүд нь испаниар ойлгож байсан» гэжээ.

 Тэр хүн сүмийн пастор байв. Тэрбээр Библийн хичээлээсээ сурч мэдсэнээ сүмийнхэндээ зааж эхэлжээ. Энэ нь тэдэнд таалагдсан учир шинэ сургаалуудыг хаанаас олж авсныг нь асуув. Библийн хичээлийнхээ тухай тайлбарлаж өгөхөд тэд ар араасаа цувран хичээлд сууж эхэлсэн. Удалгүй Мартатай Библийн хичээл хийхээр долоо хоног бүр 15 орчим хүн цугладаг болжээ. Тухайн үед утасны дууг микрофоноор дамжуулан чанга сонсгодог байсан болохоор бүх хүнд дуулдаг байв.

 Марта хичээлийнхээ тухай хурлынхаа ахлагчдад хэлсний дараа нэг ахлагч тосгонд очин суралцагчидтай нь уулзжээ. Тэгэхдээ тэдэнд ойролцоох тосгонд болох дүүрэг хариуцагчийн a илтгэлийг сонсохыг уриалав. Тэр газар нь машинаар 1 цаг яваад, дараа нь 2 цаг алхах зайнд байжээ. Суралцагчид урилгыг хүлээн аваад 17-уулаа тэр цуглаанд очиж суув.

 Хэдэн долоо хоногийн дараа тэр дүүрэг хариуцагч хэдэн дэлгэрүүлэгч дагуулан суралцагчид дээр очиж 4 өдөр өнгөрүүлжээ. Үдээс өмнө тэд jw.org сайт дээр кекчи хэлээр гарсан, Библид үндэслэсэн видеонуудыг үзэж бас «Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?» товхимлыг судалсан. Үдээс хойших цагаар JW телевизийн хөтөлбөрүүдээс үзэж байв. Тэгээд дүүрэг хариуцагч суралцагч бүрийг өөрийн Библийн багштай болгохоор зохицуулжээ.

 Мөн энэ 4 өдрийн туршид Гэрчүүд тэр хавийн кекчи тосгонуудаар дэлгэрүүлж, хүмүүсийг тусгай цуглаанд урив. Тэр цуглаанд 47 хүн ирсэн бөгөөд тэдэнд Библийн хичээлтэй болох санал тавихад 11 гэр бүл хүлээн зөвшөөрчээ.

 Хэдэн сарын дараа, эхний тосгонд долоо хоног бүрийн амралтын өдрөөр цуглаан хийхээр болов. Одоогийн байдлаар 40 орчим хүн цуглаанд тогтмол оролцож байгаа. Бас тэнд Есүсийн нас барсныг дурсах цуглаан явуулахад 91 хүн ирсэн учир Гэрчүүд маш их баярласан.

 Энэ бүхнийг яаж эхэлж, яаж өрнөж байсныг эргэн санахдаа Марта: «Би Еховад талархаж байна. Заримдаа надад их юм хийж чадахгүй юм шиг санагддаг. Харин Ехова биднээр дамжуулан хүмүүст тусалдаг юм билээ. Бурхан тэр тосгоныхны зүрх сэтгэлийг сайн мэдэж байсан болохоор тэднийг өөрийнхөө ард түмэн рүү татаж оруулсан. Ехова тэднийг хайрладаг» гэжээ.

a Дүүрэг хариуцагч гэдэг нь Еховагийн Гэрчүүдийн дунд хариуцлагатай үүрэг хүлээдэг хүн бөгөөд нийлээд нэг дүүрэг бүрдүүлдэг 20 орчим хурлыг эргэж тойрдог.